Баавгай болохсон киноны тухай ганц нэг бодол

Б. Ачболд
3 min readJan 18, 2024

--

Хүн болгоны дотор нэг зохиолч, нэг редактор бий.

Гэхдээ зохиолч нь бүтээлч, редактор нь шүүмжлэгч гэсэн үг биш. Редактор ч зохиолчийн нэгэн адил бүтээн туурвина, бичнэ. Ямар нэгэн санаа нэмэх зорилгоор ч юм уу, зохиолчийн урдуур орж бичих нь ч бий.

Нөгөөтээгүүр зохиолч, редактор хоёр хоёулаа чин үнэнийг мэднэ. Тэдний нэг ялгаа нь, зохиолч бээр туулсан амьдралынхаа үнэнд яалт ч үгүй илүү үнэнч байх. Редактор нь гаднын үзэл санаанд автчих гээд байдаг талтай. Уг нь зохиолчтойгоо хамтран ажиллаж, «Санаа чинь энэ юм байна. Энэ өгүүлбэрээ хасаад, энэ хэсгээ ингэж биш яг энүүгээр нь төгсгөчих юм биш үү?» гэх мэтээр зааж зөвлөх нь редакторын нь үүрэг юм.

Баавгай болохсон киног редакторловол, сургуулийн тэтгэлэг, хувь хүний амжилт, ядуурлаас гаргах боловсрол гэх мэт хиймэл plot нь хасагдаад, найруулагчийнх нь төрөлхийн авъяасаас л гарсан байх гэмээр нийгмийн бодит үнэнийг өгүүлсэн хэсгүүд нь үлдэх байсан юм шиг сэтгэгдэл төрөв.

«Редактор» нь муу ажиллаж гэсэн үг биш. Киноны сайн болсон хэсгүүдийг тусaд нь авч үзвэл, өнөөгийн бидний амьдралыг харуулсан өөр ямар ч кино, тууж, романаас илүү бүтээл болсон мэт. Хамгийн бага дүү нь эгчийнхээ юмнуудаар оролдоод зүгээр суулгахгүй байх хэсэг, хорооны ажилтнууд утаа шүүгч суурилуулах хэсэг үл мартагдана. Нэгэн цаг үеийн нь Сэр сэр салхи кинотой харьцуулахад үг яриа нь амьд… гэхдээ кино шүүмжлэгч биш хүний хувьд энэ тал дээр нурших нь илүүц бизээ. Гол нь эдгээр хэсгийг бүтээхэд «редактор» сайн ажилласан нь гарцаагүй бөгөөд, гагцхүү өнөө үед улиг болсон зарим нэг үзэл санаа эцэстээ кинонд нөлөөлсөн болоод ч тэр үү, Баавгай болохсон өөрийн өгүүлж буй бодит үнэнээс гажиж, өөр дээрээ хиймэл үйл явдлыг тулгаж, ингэснээр өөрөө өөрийнхөө тэмүүлэлд саад болжээ.

Учир нь дан ганц боловсрол Mонголын хүүхдүүдийг аврахгүй. Нэг хүүхэд тэтгэлэг авлаа гээд түүний ард мянга мянган хүүхэд үлдэнэ. Тэтгэлэг авсан хүүхэд нь ч физикч, философич, хөгжмийн зохиолч болохоосоо илүүтэй гадаадын компанид ажиллах магадлал нь өндөр.¹ Цаашлаад аймаг, хот, дүүрэг бүрт «Ид шидийн орон» байгуулсан ч хандивлагчдын эгог тэжээхээс нийгмийн суурь асуудлыг шийдэж чадахгүй. Үнэхээр л ирээдүйн төлөө санаа зовж байгаа бол, их хэмжээний хөрөнгөтэй иргэдээс өндөр татвар авч, тэр хөрөнгөө боловсролд зарцуулж болохгүй гэж үү? Сум болгонд номын сан, Соколов! Толстой! Сургууль, төгөлдөр хуур! Чанартай эмнэлэг! Дэд бүтэц, орон сууц! Гэхдээ энэ тухай бид ярьдаггүй.

Бид нарын ярьдаг сэдэв гэвэл… Гэхдээ тэр ярианаас бүр залхжээ.

Баавгай болохсон киноны жинхэнэ урлагийн бүтээлийн хувиар өгүүлсэн үнэн, үзэгчдийг тодорхой хэмжээнд цочирдуулсан гэдэгт итгэж байна. Нөгөөтээгүүр тэрхүү цочирдлоо умартах замыг нь давхар зааж өгсөнд харамсаж байна.

Үзэгчдийнх нь дотор байх зохиолч, редактор хоёр нэг иймэрхүү яриа өрнүүлэх вий:

Зохиолч: Намайг Гэгээнтнээс гараад Tous les Jour орох гээд алхаж явахад тэнд Өлзий, дүү нартайгаа хоолгүй, түлээгүй сууж байдаг. Нэг тогоонд амьдарч байж шүү дээ. Ийм утгагүй, харгис, эмгэнэлтэй юм байх ч гэж дээ!

Редактор: Кинонд өгүүлснээр, хүүхдэд боловсрол л хэрэгтэй. Өнөө үед чинь бас нэг үеэ бодвол боломж байна. Зах зээлийн ардчилсан нийгэмд амьдарч байна даа. Интернэт байна. Mэдээлэл нь байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Өчнөөн л хүүхэд гадагшаа тэтгэлэгтэй явж байна. Эх орондоо эргэж ирж байна. Ер нь хүн хөгжөөгүй цагт улс хөгжихгүй.

— Mэдэхгүй ээ, сэтгэл зовоод байна аа. Нэг л тайван байж чадахгүй болчихлоо.

— За одоо тэгээд зовлоо гээд яахав дээ? Бүгдээрээ л чадах чадахаа дор бүрдээ хийж байна. Гоё кино болжээ. Нээрээ Сэр сэр гэж бас нэг кино гарсан гэсэн. Олж үзье дээ…

Үүнээс цааш үзэгчийн маань «ухамсрын урсгал» арай өөр зүгт чиглэн, бидний энэ өгүүллээс сарнин алга болно.

Одоо надад нэг асуулт байна. Урлаг чин үнэнд дөхөж очихоороо л капитализмд шүүмж болоод байдаг юм шиг. Энэ ямар учиртай юм бол?

[1]: Энэ талаар судлаач Туяа бичжээ.

Редакторлосон: А

--

--